Үндсэн цэс
Монгол Улсын 65 дахь цэргийн дээд цолтон, хошууч генерал Гэмбэлийн Дугарсүрэн 1931 онд Төв аймгийн Баянбараат сумын “Далай ижийн жас” хэмээх газар малчин ардын хүү болон төрсөн. 1949 онд Баянбараат сумын бага, дунд сургууль, 1956 онд Цэргийн Ерөнхий сургуулийн их бууны анги, 1960 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1969 онд ЗХУ-ын Москва хотноо В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академи, 1984 онд ЗХУ Коммунист намын төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн дээд курсийг тус тус төгсжээ.
Г.Дугарсүрэн нь 1949-1953 онд Баянбараат сумын бага сургуульд багш, захирлаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. 1956-1960 онд их бууны дивизионд салааны захирагч, батарейны жагсаал ангийн орлогч, 1960-1962 онд барилгын бага мэргэжилтэн бэлтгэх курсийн улс төрийн орлогч, Барилгын цэргийн 030, 017 дугаар ангийн намын байгууллагын нарийн бичгийн дарга, 1962-1963 онд Ардын цэргийн Улс төрийн газрын Хувьсгалт залуучуудын эвлэлийн ажлын хэлтсийн дарга, “Улаан од” сонинд сурвалжлагчаар ажиллаж байв. 1969 оноос Улс төрийн газарт байцаагч, мотобуудлагын 1 дүгээр бригадад улс төрийн хэлтсийн дарга, 1969-1975 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1975-1983 онд Улсыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Төв Зөвлөлийн 1 дүгээр орлогч дарга, 1983-1988 онд Монголын ардын армийн Улс төрийн газрын 1 дүгээр орлогч дарга, 1989-1991 онд БНМАУ-аас Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг-агаарын цэргийн атташе, 1996-2004 онд Дайнд оролцогсдын Монголын хорооны даргаар тус тус ажиллаж иржээ.
Эх орноо батлан хамгаалах, хөгжил дэвшлийн түүхэн үе шатанд цэрэг армийг бэхжүүлэх, залуу үеийг эх оронч үзэл, ахмад үеийн үлгэр жишээч уламжлалаар хүмүүжүүлэх, ах дүү армиудтай найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд оруулсан түүний гавьяа зүтгэлийг үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтангадас одон бусад одон, медалиар тус тус шагнагдаж байлаа.
Г.Дугарсүрэнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 185 дугаар тогтоолоор цэргийн дээд цол “Хошууч генерал” цол хүртээсэн юм.
Г.Дугарсүрэн нь цэргийн анхан шатны нэгжээс эхлэн төр, цэргийн дунд, дээд шатны байгууллагад ажилласан 40-өөд жилийн хугацаанд өөрт нь итгэл хүлээлгэж өгсөн үүрэг даалгаврыг ямагт өндөр идэвх санаачилга, мэргэжлийн ур чадвартай гүйцэтгэж, нэр төртэй биелүүлж байлаа. Цаг үеийн нөхцөл, шаардлагад зохицуулж, цэргийн байгууллагын түүхэн хөгжлийн үе шатанд цэргийн доторх улс төрийн байгууллагыг бэхжүүлж, бие бүрэлдэхүүнийг эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд улс төр, зохион байгуулалт, сэтгэл зүйн өндөр төвшинд чадварлаг зохион байгуулж байв.
Цэргийн атташегаар ажиллах хугацаандаа Монгол, Зөвлөлтийн Зэвсэгт хүчний уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн боловсон хүчнийг бэлтгэхэд санаачилгатай ажиллаж ирсэн юм.
Г.Дугарсүрэн нь байлдагчаас хошууч генерал хүртэл цол хүртэж, цэргийн бүхий л шат нэгжид ажиллаж, Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхэд сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжил, оюун ухаан, хүч хөдөлмөрөө нэгэн үзүүрт сэтгэлээр зориулж ирсэн төр, цэргийн зүтгэлтэн байлаа.