Үндсэн цэс
С.Оргодол бага залуу наснаасаа мал маллаж, эмнэг хангал эдэлгээнд сургах зэрэг мал аж ахуйн хүнд хүчир ажилд нухлагдан бяр чадал сууж эхэлжээ. Тэрээр анх сумын наадмаас эхлэн зодоглож сумын заан цол авчээ.
Тэрээр 1955 оны улсын баяр наадамд хуучин заншил монгол ёс бөх сугалаагаар барилдуулахад аймгийн заан С.Оргодол найм давж түрүүлж 28 насандаа Монгол Улсын арслан цол хүртжээ. Дараа жил нь зургаа давж тэр жилийн түрүү бөх Д.Дамдинд өвдөг шороодож улам нэмэх чимэг авчээ. 1957 онд зургаа давж, долоогийн даваанд Ц.Бадамсэрээжид арслантай тунаж барилдаж гүйж оронгуут толгой дээрээ гарган явуут дундуу хаях гэтэл дагуулж ачих мэхэнд нь унаж өсөх нэмэх чимэг авчээ.
1955 онд спортын төрөл бүрийн зэрэгтэй тамирчдыг төрүүлэх зорилгоор БНМАУ-ын спортын нэгдсэн ангиллыг батлан мөрдөж ажиллуулахад С.Оргодол арслан Монгол Улсын хүндийн өргөлтийн анхны тамирчдын нэг байсан бөгөөд 1955 онд Хятад, Монголын тамирчдын уулзалт тэмцээний үеэр 189 кг-ын туйван өргөж нэгдүгээр байр эзэлж байсан хүч, авяас бүрдсэн тамирчин байлаа. Мөн хүндийн өргөлтийн тэмцээнд хотод ирээд үйлдвэр комбинатын улаан буланд болсон нэгэн барилдаанд дархан аварга Б.Түвдэндоржтой үлдэж түрүүлж байжээ.
С.Оргодол арслан бол Төв аймгаас төрсөн нэгэн үеийн хүчтэн бөгөөд тэрээр өндөр биш, өргөн зузаан цээжтэй, богино хүзүү, урт гартай, хүч тэнхээ ихтэй, барьцгүй гүйж, давхар хамах мэхийг гарамгай сайн эзэмшсэн бөх байлаа. С.Оргодол арслан сүүн цайлган сэтгэлтэй, даруу төлөв зантай, адуу мал, атар тал нутгаа гэсэн өгөөмөр сайхан эр Баянбараат, Зоргол хайрхан уулынхаа ар, өврөөр нутаглаж таван хүүхдийнхээ хамтаар аймаг, сумынхаа наадамд морь уяж айраг түрүү аван амьдарч байгаад 2002 онд насан өөд болжээ.